Tuesday, July 23, 2013

"Салхин сар" үзэсгэлэн

Уран зургийн арт галерейн хоёрдугаар давхарт өчигдөр нэгэн өвөрмөц, содон үзэсгэлэн нээлтээ хийсэн юм. Энэ үзэсгэлэнгийн эзэн бол уран бүтээлч Д.Анхбаяр. Тэрээр анхны бие даасан үзэсгэлэнгээ "Салхин сар" хэмээн нэрийджээ.

“Алтан-Овоо 100” бүтээлийн уралдаан зарлалаа

Сүхбаатар аймгийн Дарьгангын Алтан-Овоог Богд хааны зарлигаар төрийн тахилгатай болгосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд нутгийн түүх соёл, нүүдэлчдийн зан үйл, угсаатны зүй, байгалийн гоо сайхан, утга уянгын сэдвээр Дууны болон Шүлгийн уран бүтээлийн уралдаан зарласан билээ. Уралдаан оролцох бүтээлүүдийг 7-р сарын 25-ны дотор цахим хаягаар (omunkhnaran@gmail.com) хүлээн авах тухай өмнө нь мэдээлж байсан бол зохион байгуулагчид уралдааны товыг  7-р сарын 27-ныг хүртэл сунгасан байна.

Бүтээл нь шалгарсан уран бүтээлчдийг ирэх сарын 8-нд Сүхбаатар аймгийн Дарьганга суманд болох ойн арга хэмжээнд урилгаар оролцуулж, шагналыг гардуулах юм байна.

Дууны уран бүтээлийн тэргүүн байр нь гурван сая төгрөг, цом, диплом бөгөөд дэд байранд нэг сая төгрөгийн шагналын сантай бол Шүлгийн уран бүтээлийн тэргүүн байр нь хоёр сая төгрөг, цом, диплом бөгөөд дэд байр нь найман зуун мянган төгрөг, тусгай шагналуудтай ажээ.

  1. Дууны уралдаанд оролцох яруу найрагч, хөгжмийн зохиолч, дуучидын баг бүтээлийн үг, ноот, дуучны CD буюу DVD –д бичсэн бичлэгийн хамт ирүүлнэ. Утас 99296481
  2. Шүлгийн уралдаанд бүтээлээ ирүүлэх яруу найрагчид 2013.7.25-ны дотор omunkhnaran@gmail.com гэсэн цахим хаягаар ирүүлнэ. Дууны уралдаанд байр эзэлсэн уран бүтээлийн гурван баг (тус бүр 3 хүнээс илүүгүй) болон шүлгийн уралдаанд ирсэн бүтээлээс эхний 10 яруу найрагчийг 8-р сарын 9-нд Сүхбаатар аймгийн Дарьганга суманд болох Алтан-Овооны 100 жилийн ойд урилгаар оролцуулна.

М.Уянсүхийн бүтээлээс толилуулж байна

Дархан хотноо аж төрж, уран бүтээлээ туурвиж буй өнөө цагийн өвөрмөц уран бүтээлчдийн нэг бол яахын аргагүй Булгадар М.УЯНСҮХ юм. Туйлын даруухан тэрбээр шүлэг л бичиж амьдарч байна. 1967 онд Увс аймгийн Улаангом хотод төрсөн. 1988 оноос эхлэн уран бүтээлээ туурвиж, "Уянсүх-I", "Уянсүх-II" яруу найргийн шилмэл ботиуд, "Мянга хоёр дахь шөнө тохиосон ид шидгүй үлгэр" тэргүүтэн хүүрнэл зохиол, "Ухамсрын урсгал", "Ойрад" тэргүүтэн эссэ зохиолын хориод ном хэвлүүлжээ.

Түүний бүтээлийн дээжээс уншигч танаа толилуулж байна.

МАНАНТАЙ ЗУУН

Манантай зуун миний цээжний гүнд эгшиглэдэг
Маргаашийн төлөө би өнөөдрийн цэцэгсийг гишгэдэг
Манантай зуун миний эгц өмнөөс тосдог
Малгайгаа авч бөхийхдөө би өчигдрийн шарил дээр зогсдог

Хүйтэн энэ зууны алс гүнээс айсуй
Хүний хөлийн чимээ яруу найрагчийнх байдаг
Магадгүй, тэр Нацагдорж, эсвэл Чойном
Манантай зууныг гийгүүлсэн Равжаа, эсвэл Инжинааш...

Хөлгөн судрын хуудсыг хүр хорхой идэх шиг
Хөгшин, залуу хүмүүсийг цаг хугацаа гүйцэх шиг
Хоолойд торсон нулимс гашуун үнэн болдог
Холын тэр зуун үргэлж намайг дууддаг

Хэмжээст цаг хугацаанд би зуун, зуун шиг амьдрахгүй!
Хэн нэгний нулимсаар өөрийн гунигийг тайлахгүй
Хамтдаа уйлж, бас дуулах дуртайдаа л
Хамгийн анхны хүн шиг цаг хугацаанаас урвахгүй!

Удаан амьдрах тусмаа хүмүүс дэндүү сайхан!
Уйдаж буцсан найрагчид газрын гүнээс өндийхгүй
Тэдний өмнөөс би холын од руу сарвайж...
Тэнгэрт одсон сүнсийг нь өөртөө буцааж дуудахгүй!

Манантай энэ зууныг алтан салхиар зүлгэвч
Малгайгаа авч бөхийсөн миний гуниг арилахгүй!
Цээжний гүнд эгшиглэсэн он жилүүдийн өмнөөс
Цэцэн бийрээ хөшиж, тэрлэсэн шүлэг минь үхэхгүй ээ!

2010.06.09

***
Хэсэг хэсэг хугацаанд би гүн ухаантан шиг амьдарсан!
Хэрээ, хун хоёрын ялгааг олох гэж оролдсон
Үүрийн туяанд биш, шөнийн харанхуйд дурласан
Үхсэн хүнээс биш, амьд хүнээс нуугдсан

Тэнүүлч сүнс шиг мананг нөмөрч унтаад дарсан
Тэртээ холын гариг руу далавчлан нисэж үзсэн
Хөөрхөн мөртлөө муухай олон охидыг сонжсон
Хөсөр ургасан өвс шиг замын дэргэд өнжсөн

Илүү, дутуу бүхний хэм хэмжээг ойлгосон
Ичиж улайх бүртээ өөрийгөө зэмлэж бухимдсан
Нүүрэмгий тэр бүсгүйн хувцасыг тайлахаас айсан
Нүцгэн үнэн тэгэхэд над руу анх инээсэн

Инээх дуртай хүмүүс надаас нуугдаж уйлсан
Илбэ зүүд шиг ертөнц миний өмнө нээгдсэн
Нээгдсэн тэр хаалгаар би дотогш алхаж орсон
Нэг, хоёр, гурав!... гээд, нисэж үхэх шиг тайтгарсан!

2010.03.11


ХАМГИЙН САЙХАН БҮХЭН ХАЖУУ ДЭРГЭДЭЭС ЭХЭЛДЭГ

            Д.Нямсүрэн-д:

Хамгийн сайхан бүхэн хажуу дэргэдээс эхэлдэг
Хаа холын оддоос биш, хуучин өвснөөс эхэлдэг
Жирийн сайхан бүхэн жирийн үнэнээс эхэлдэг
Жиргэх шувуудын тухай би
Жигүүртний хэлээр шүлэглэдэг

Эртний танил аялгууг хамгаас сайхан гэж дурладаг
Энхрий ялдам бүсгүйг хамгаас сайхан гэж тэмүүлдэг
Зүр, согоо шиг дэгдэхийг он жил гэж зүсэлдэг
Зүрх, цэцэг шиг ургахыг амьдрал гэж нэрлэдэг

Бүхнээс энгийн бүхнийг гайхамшиг гэж тунхагладаг
Бүргэд нисэх өндрийг тэнгэр гэж омогшдог
Амьд, үхсэн хоёрыг ялгуун сар шиг сонсдог
Алс хэтийн харгуйг яруу найраг шиг уншдаг

Мянганы тэртээх ертөнцийг минийх гэж өмчилдөг
Мянган жилийн гунигаа бусдад хайр шиг түгээдэг
Дэргэдийн нөхөртөө ярьсан үгээ
Дэлхийд ярьсан гэж гайхуулдаг
Дэрлэж хэвтдэг хөх чулуугаа
Дээдсийн шарил гэж итгэдэг ээ, би...

2009.05.15

Танхимд дэлгэгдсэн “Салхин сар”



Уран зургийн арт галерейн хоёрдугаар давхарт өчигдөр нэгэн өвөрмөц, содон  үзэсгэлэн нээлтээ хийсэн юм. Энэ үзэсгэлэнгийн эзэн бол уран бүтээлч Д.Анхбаяр. Тэрээр анхны бие даасан үзэсгэлэнгээ "Салхин сар" хэмээн нэрийджээ.

Дан өвөрмөц, содон барималуудаас бүтсэн уг үзэсгэлэн тэр бүр олны хүртээл болоод байдаггүй. Эротик сэдвийг хөндөн урласан час улаан "Араншин", хүрлээр хийсэн "Үүлэн бороо", "Эрэлхэг", гангаар урласан "Эс", "Ямандаг" бүтээлийн эзэнтэй цөөн хором ярилцсан юм.


-Содон үзэсгэлэндээ хэдэн бүтээлээ дэлгэв?

-Миний үзэсгэлэнд нийт 16 бүтээл, нэг инстоляци байгаа. Хөнгөн харвал эротик сэдэвтэй ган, мод, хүрэл барималууд байгаа.

-Өнгөний хувьд ч хурц юм аа?

-Өнгөний тухайд зарим нэг түүхийг судлан бүтээлдээ тусгасан. Зарим хүмүүс бүтээлээ улаан шунх, эмэгтэй хүний сарын хэрмээр буддаг байсан гэж сонссон л доо. Түүнээс санаа аван модон барималуудаа улаан өнгөөр будсан. Хүрэл барималаа бол сонгодог өнгөөр нь л урласан.

-Инстоляциа энэ нийгэмд амьдраад байгаа хүмүүст зориулан урлажээ?

-Тийм шүү. Говьд байдаг энгийн л онгоцтой худаг. Гэхдээ өнөөдөр худгууд маань шавхагдаад юу ч үгүй боллоо. Хүн болгон мөнгөний төлөө л яваад байна. Мөнгөний оронд ус байх ёстой байхгүй юу. Энэ талаас нь л хийсэн.

-Таны уран бүтээлийн дүрслэлд юу илүү голчилдог вэ?

-Дүрслэлийн хувьд хүн оршин тогтнох мөнхөд үргэлжлэх, үр удмаа үлдээх үйл ажиллагаа. Монголоор ярих юм бол үүлэн борооны явдал, салхин сарны явдал, хүч чадлын бэлэг тэмдэг, эр хүний  бахархал болсон эр бэлэг эрхтэнийг дагнан урласан бүтээлүүд байгаа. Ер нь бол миний уран бүтээлийн сэдэв эротик талдаа барималууд. Хойшдоо ч гэсэн энэ л стилиэрээ хийнэ.

-Яагаад энэ сэдвийг сонгож авах болов? Хэн хүнгүй зоригтой дуугарч, хийдэггүй болохоор уу?

-Харин тийм шүү. Хүмүүс гаднаа дургүйцэж, эвгүйцдэг ч дотроо дуртай л байдаг байхгүй юу. Нуугдсан, цаанаас нь гижигдээд байгаа тэр л зүйлийг гаргаж ирэхээр анх зориглосон.

-Хэзээнээс ийм бүтээлүүд рүү эргэлт буцалгүй орчихов?

-Гурав, дөрвөн жилийн өмнөөс л. Би сийлбэрч хүн. Манай урлан чинь Ерөнхийлөгчийн өргөө, УИХ-ын сандал, ширээ гээд томоохон бүтээлүүдийг урладаг. Багштайгаа нийлээд бид 2001 оноос хойш урландаа ажиллаж байгаа. Түүнийгээ хийхийн хажуугаар өөрийнхөө ажилд жаахан цаг зав гаргаад тэр хугацаагаараа урлан дөрвөн жил шахам болжээ. Ер нь би оюутан байхдаа иймэрхүү эротик баримал хийх санаатай байсан. Өөрөө арга эвээ олохгүй явж байгаад дөрвөн жилийн өмнөөс зориглоод дайрсан.

-Таны бүтээлүүд хэр захиалгатай байдаг бол?

-Бие даасан уран бүтээлийн хувьд одоохондоо захиалга бол төдийлөн их биш. Ганц нэг хүмүүс сонирхон жижигхэн хөөрхөн боовон түлхүүрний оосор ч юм уу, жижиг бэлэг, дурсгалын зүйл захиалж л байсан. Манай багштайгаа хамтран ажилладаг урлангийн захиалга тасралтгүй их байдаг учраас цаг зав муутай шүү.

-Сийлбэрчин гэсэн шүү дээ. Удам дамжсан сийлбэрчин үү?

-Багаасаа л сийлбэр хийж эхэлсэн. Удам бол байна аа байна. Манай аав, ээж хоёрын аль аль талдаа гарын уртай олонтаа. Сүүлд удам судраа судлаад үзэхэд зарим нь гурав, дөрвөн үе, зарим нь долоон үе дархан хүмүүс байсан гэсэн мэдээлүүд байгаа. Одоо дарх сонирхож ганц хоёр дарханы ажил хийж байгаа. Юм юмаар л үзэж байна шүү.

-Уран бүтээлд тань амжилт хүсье.







Зургийн цомгийг ЭНД дарж үзнэ үү.


Г.ДАША


Monday, July 22, 2013

“Алтан-Овоо 100” бүтээлийн уралдааныг зарлалаа

Сүхбаатар аймгийн Дарьгангын Алтан-Овоог Богд хааны зарлигаар төрийн тахилгатай болгосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд нутгийн түүх соёл, нүүдэлчдийн зан үйл, угсаатны зүй, байгалийн гоо сайхан, утга уянгын сэдвээр Дууны болон Шүлгийн уран бүтээлийн уралдаан зарласан билээ. Уралдаан оролцох бүтээлүүдийг 7-р сарын 25-ны дотор цахим хаягаар (omunkhnaran@gmail.com) хүлээн авах тухай өмнө нь мэдээлж байсан бол зохион байгуулагчид уралдааны товыг  7-р сарын 27-ныг хүртэл сунгасан байна.

Бүтээл нь шалгарсан уран бүтээлчдийг ирэх сарын 8-нд Сүхбаатар аймгийн Дарьганга суманд болох ойн арга хэмжээнд урилгаар оролцуулж, шагналыг гардуулах юм байна.

Дууны уран бүтээлийн тэргүүн байр нь гурван сая төгрөг, цом, диплом бөгөөд дэд байранд нэг сая төгрөгийн шагналын сантай бол Шүлгийн уран бүтээлийн тэргүүн байр нь хоёр сая төгрөг, цом, диплом бөгөөд дэд байр нь найман зуун мянган төгрөг, тусгай шагналуудтай ажээ.

  1. Дууны уралдаанд оролцох яруу найрагч, хөгжмийн зохиолч, дуучидын баг бүтээлийн үг, ноот, дуучны CD буюу DVD –д бичсэн бичлэгийн хамт ирүүлнэ. Утас 99296481
  2. Шүлгийн уралдаанд бүтээлээ ирүүлэх яруу найрагчид 2013.7.25-ны дотор omunkhnaran@gmail.com гэсэн цахим хаягаар ирүүлнэ. Дууны уралдаанд байр эзэлсэн уран бүтээлийн гурван баг (тус бүр 3 хүнээс илүүгүй) болон шүлгийн уралдаанд ирсэн бүтээлээс эхний 10 яруу найрагчийг 8-р сарын 9-нд Сүхбаатар аймгийн Дарьганга суманд болох Алтан-Овооны 100 жилийн ойд урилгаар оролцуулна.

“Тэнгис”-т “Pacific Rim” зочилно



"Тэнгис" кино театрын дэлгэцнээ Box Office-г тэргүүлж байгаа Минионууд болон Гуругийн шинэ адал явдал "Despicable Me 2", "Monsters university" болон амьд үхдэлүүд буюу Зомбинуудын тухай бичдэг зохиолч Макс Брүүксийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн "World War Z" гарч байгаа юм. Мөн "Тэнгис"-ийн дэлгэцнээ гарсан өдрөөсөө эхлэн үзэгчдийн дунд тун эрэлттэй байгаа алуучин сүнстэй энд л уулзаж болох нь ээ. Энэ сарын 26-нд нээлтээ хийх гэж байгаа "Pacific Rim"-д далай тэнгисийн гүнд харийн аварга биетүүдийн үүд нээгдэж эх дэлхийг эзэгнэхээр довтлоно. Харин тэдний эсрэг хүн төрөлхтөн нэгдэж аварга роботуудийг бүтээж тулалдана гэсэн шүү.

Түүнчлэн, "Тэнгис"-ийн дэлгэцнээ ирэх саруудад "The Wolverine", "Cloudy 2: Revenge of the Leftovers", "The Hunger Games" бүтээлүүд зочлох нь ээ.

Хэрвээ та "Тэнгис"-т гарч байгаа шинэ киноны тухай байнга мэдээлэлтэй байхын хүсвэл  https://www.facebook.com/tengismovie хуудсанд зочлоорой.

Г.ДАША

Эртний сүм хийдийн ховор гэрэл зургуудыг дэлгэлээ

"Blue moon" арт галерейд өнөөдөр Гандантэгчинлэн хийдээс анх удаа "Монголын сүм хийдүүд XX зууны эхэнд" нэртэйгээр эртний сүм хийдүүд ямар дүр төрхтэйгөөр гэрэл зурагт мөнхрөн үлдсэнийг нийтэд дэлгэн харуулах үзэсгэлэнгийн нээлт боллоо. Уг үзэсгэлэнд 1937 онд коммунист дэглэмийн үед хатуу харгис бодлогоор устсан сүм хийдүүдийн 260 гаруй гэрэл зургийг дэлгэсэн юм. Эдгээр гэрэл зургуудаар дамжуулан Монголын өв соёл ямар өндөр төвшинд харуулахыг зорьжээ. 1990 оны ардчилсан хувьсгалаас хойш монголчууд эрх чөлөөтэй болж өв сёолоо чөлөөтэйгээр ярих боломж олсон нь энэхүү үзэсгэлэнг дэлгэх бас нэгэн хөшүүрэг болсон аж. Өнөөдөр зөвхөн сүм хийдүүдийн гэрэл зураг дэлгэгдсэн юм. Харин Гандантэгчинлэн хийдээс санаачилсэн өв соёл, түүх өгүүлэх уг гэрэл зургийн үзэсгэлэн цаашид үргэлжилж, дан лам нарын эртний ховор гэрэл зургуудаар үзэсгэлэн дэлгэх нь. Энэ удаагийн үзэсгэлэнгийн нээлтэд Монголын буддизмыг судалдаг дэлхийн Англи, Франц, Норвеги зэрэг 36 орны 480 гаруй зочин иржээ. Уг үзэсгэлэн долоо хоног үргэлжилнэ.

Г.ДАША